Зөвлөх үйлчилгээ авна гэдэг нь бусдаас нэг алхам түрүүнд алхаж байна гэсэн үг
2021-06-16

Шинээр олон тооны бизнесүүд бий болж, тэр хэрээр төсөл төлөвлөгөө бичих, санхүүжилт олох, зөвлөгөө авах  хэрэгцээ бий болсоор байна. Европын сэргээн босголт банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” хөтөлбөрт хамрагдан 50 хувийн тэтгэлэгтэй судалгаа, төсөл төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээ авах боломж манай бизнес эрхлэгчдэд байна.  Энэ талаар Хөгжлийн Шийдэл ТББ-н маркетингийн зөвлөх П. Амармэндээс тодрууллаа.

-Бизнесээ шинээр эхлүүлж буй хүмүүст мэдэхгүй, чадахгүй зүйл их тулгардаг. Ямар нэгэн төсөл хөтөлбөрөөс санхүүжилт авч байгаа тохиолдолд юуны түрүүнд бизнесээ эхлэх сургалтад суудаг.  Тэгвэл Европын сэргээн босголт банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ” эдгээрээс юугаараа онцлог, хэдийнээс хэрэгжиж эхлэсэн, хичнээн бизнес эрхлэгч тус хөтөлбөрт хамрагдсан талаар танилцуулна уу.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл хөгжүүл” зэрэг сургалтуудад олон хүмүүс сурч төгссөн хэдий ч тэд бүгд бизнес эрхлэх ур чадвар эзэмшин түүнийгээ өөрийн бизнест хэрэгжүүлсэн гэхэд учир дутагдалтай байдаг.

Олон улсын жишгээр бизнесийн зөвлөх үйлчилгээ нь бизнес эрхлэгчдийн өөрсдийнх нь олж харж чадахгүй байсан боломж, бэрхшээлийг илрүүлж, түүнийг нь шийдэх арга замыг тодорхойлж өгдөг. Тэр хэрээрээ бизнест нь үр ашиг, хэмнэлт, өсөлт, өргөжилт бий болгодог. Монголын бизнесүүд өргөжиж хөгжихийн хэрээр сайн төсөл төлөвлөгөө, стратегийн төлөвлөгөө, маркетингийн төлөвлөгөө, санхүүгийн, хүний нөөцийн бодлого төлөвлөгөөтэй байж, бизнесийг олон улсын жишиг, дүрэм журмынх нь дагуу хийх зайлшгүй шаардлага гарч ирсэн.

Монгол тоотой хэдэн том компаниуд л өөрийн гэсэн хүний нөөц, маркетинг, судалгаа, стратеги төлөвлөлтийн хэлтэс баг байгуулж тэр чиглэлээр ур чадвартай хүмүүсийг цалинжуулж, компанийхаа үйл ажиллагаанд ашиглаж чадаж байна.

Гэтэл Монгол буй 60 гаруй мянган компаний 9-10 орчим хувь нь л 20-с дээш хүнтэй ААН-д байдаг. Тэднээс бусад 90 хувь нь буюу Монголын дийлэнх ААН-үүдийн хувьд маркетинг, судалгаа, стратеги төлөвлөлтийн мэргэжилтэй хүмүүс ажиллуулах нь хэтэрхий зардалтай үр өгөөжгүй хэрэг байдаг бол тэр бүхий л асуудлаа мэргэшсэн бизнесийн зөвлөхүүдээр шийдүүлэх нь хамгийн оновчтой сонголт болдог.

Тийм учраас Монголдоо олон улсын жишигт хүрсэн бизнесийн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэхээр үндэсний бизнесийн зөвлөхүүд, мэргэжлийн холбоод идэвхтэй ажиллаж байна. Бидний энэ ажилд маань маш том дэмжлэг болж байгаа нэг хөтөлбөр бол Европын сэргээн босголт хөгжлийн банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ-Монгол” хөтөлбөр юм. Энэ хөтөлбөр нь хуучин социалист системийн бүрэлдэхүүнд багтдаг байсан Зүүн Европ, Дундад болон Төв Азийн нийт 22 оронд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2009 оноос Монгол Улсад хэрэгжиж эхлээд байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдэд (ЖДҮ) бизнесийн зөвлөх үйлчилгээ авахад нь санхүүгийн тусламж үзүүлдэг.  Маркетинг, санхүүгийн удирдлага, чанарын удирдлагын тогтолцоо, удирдлагын мэдээллийн систем, технологи сайжруулалт, стратеги төлөвлөлт болон тухайн бизнест үйл ажиллагаагаа сайжруулахад нь зайлшгүй шаардлагатай зөвлөх үйлчилгээний бусад чиглэлээр компаниудын авч буй зөвлөх үйлчилгээний үнийн дүнгийн 50 хүртэл хувийг Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас санхүүжүүлэх боломжтой байдаг.

-Бизнесийн зөвлөх үйлчилгээ нэг үеэ бодвол нилээн түгээмэл болсон байна. Харин 50 хувийн хөнгөлөлттэйгээр үйлчилгээ үзүүлнэ гэдэг бизнес эрхлэгчдэд багагүй боломж олгож буй хэрэг болов уу.

Тиймээ, Монголд бизнесийн зөвлөх үйлчилгээний салбар бий болж бизнесийн зөвлөх гэсэн ажлын байрны тодорхойлолт, тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд бий болж байна. Гэсэн хэдий ч энэ салбарын өсөлт хөгжил Монгол улсад хангалтгүй явж ирсэн. Учир нь нэг талаас бизнесийн салбарын ажлын туршлагатай, тодорхой хэмжээний ур чадвартай хүмүүсийн хувьд өөрийн ур чадвар, мэдлэгийг түүндээ тохирсон үнээр  борлуулж болж байгаа нөхцөлд бизнесийн зөвлөх үйлчилгээ эрхлэх, эс бөгөөс илүү өндөр цалинтай ажил хийе гэж бодох нь зүйн хэрэг. Нөгөө талаас Монгол улсад үйл ажиллагаа эрхэлж буй зөвлөх үйлчилгээ шаардлагатай болсон компаниудын хувьд тэр нь харьцангуй өртөг зардал ихтэй тусдаг байна. Чухам энэ хэрэгцээнд Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ Монгол” хөтөлбөрийн тэтгэлэг бүрэн дүүрэн нийцэж байгаа юм.

Бизнесийн зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагатай хэдий ч түүнд зориулан хөрөнгө гаргах боломжгүй компаниудын хувьд тэр зөвлөх үйлчилгээгээ авах боломжийг олгож, мөн бизнесийн зөвлөх үйлчилгээний салбарт мэдлэг ур чадвар бүхий хүмүүс ажиллаж өөрийн мэдлэг ур чадвараа бодитой үнэлэх, цаашдаа үйлчилгээний бизнесийн энэ салбар нийгэмд болоод бизнесийн орчинд танигдаж үйл ажиллагаа нь тогтворжиход туслаж байгаа юм.

Одоогоор Монголд бизнесийн болоод бусад чиглэлээр зөвлөх үйлчилгээ эрхлэгчдийн тоог нарийн тодорхойлоход хэцүү боловч дараах баримтуудаас тодорхой баримжаа авч болох юм.

  1. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны “Бизнесийн зөвлөх үйлчилгээ-Монгол” хөтөлбөрт дээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ гэж бүртгэгдсэн 500 гаруй зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хувь хүмүүс, ААН-үүд байдаг.
  2. Монгол улсын хэмжээнд улсын бүртгэлийн албанд зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллана гэж 496 ААН бүртгүүлсэн байна.
  3. Мөн зөвлөхүүдийн онлайн сүлжээ www.zuvluh.mn  сайтад бүртгэлтэй зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллага 49, хувь хүмүүс 215 байна.
  4. Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоонд гишүүнчлэлтэй 116 байгууллага хувь хүмүүс.
  5. Үндэсний зөвлөхүүдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 байгууллага хувь хүмүүс. www.mmci.mn
  6. Монголы менежментийн зөвлөхүүдийн институтын гишүүнчлэлтэй 78 байгууллага хувь хүмүүс тус тус байна.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны тухайд өөрийн байгууллагад өөрчлөлт хийх хэрэгцээ шаардлагаа мэдэрсэн, зөвлөх үйлчилгээний ач холбогдолыг ойлгосон ямар ч компаниуд болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ажиллахад нээлттэй байдаг.

Гэхдээ мэдээж хэрэг тодорхой шалгууртай, тухайлбал банк санхүүгийн үйлчилгээ, зэр зэвсэг, мөрийтэй тоглоом, архи, тамхины үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн анхан шатны бүтээгдэхүүн боловсруулалтаас бусад салбаруудад үйл ажиллагаа эрхэлдэг

  1. 500 хүртэл ажиллагсадтай,
  2. Хамгийн багадаа 2 жил хүртэл тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн,
  3. Нийт хувьцааны дийлэнх олонхи нь хувийн бөгөөд дотоодын байх,
  4. Эмэгтэй эзэнтэй буюу хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг илүү чухалчлан авч үзнэ гэсэн байдаг.

Хөгжлийн Шийдэл ТББ-ын хувьд 2009 оноос хойш энэ хөтөлбөртэй хамтран ажиллаж өөрийн харилцагчидад хөнгөлөлттэй үнээр, чанартай зөвлөх үйлчилгээ авч бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах, өргөжүүлэх боломжийг олгож ирлээ. Цаашид ч мөн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

-Зөвлөгөө авах эсэх нь тухайн бизнес эрхлэгчийн өөрийн сонирхлын асуудал байх. Тэгвэл зөвлөх үйлчилгээ аваагүйгээс бизнес эрхлэгч юуг алдах вэ?

Мэдээж бизнесийн зөвлөх үйлчилгээ авах эсэх нь тухайн хүний асуудал юм. Магадгүй тэр хүн өөрөө бизнестээ өөрчлөлт, шинэчлэлт хийж бизнес нь маш амжилттай явж байвал хэрэггүй байж болох юм. Гэхдээ үнэхээр зөвлөх үйлчилгээ хэрэгцээтэй, шаардлагатай байтал зөвлөх үйлчилгээ аваагүй бол эцэстээ та өөрийн бизнесээ л алдана.

Жишээ болгож би хоёр төрлийн зөвлөх үйлчилгээний тухайд ямар зүйл алдаж болохыг нь тоочихыг хичээе. Стратегийн зөвлөх үйлчилгээ авалгүй өөрөө, стратегийн зөв шийдэл баримталж ажиллаж чадаагүйгээс ирээдүйд нэг өдөр таны бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнес хэнд ч хэрэггүй эсвэл маш ашиг багатай болж харин өрсөлдөгчид чинь өндөр ашигтай шинэ салбарт явж байж болох юм. Энэ тохиолдолд бизнес эрхлэгч бизнесээ бүхэлд нь алдаж болно.

Маркетингийн зөвлөх үйлчилгээг тоолгүй өөрөө бүтээгдэхүүн үйлчилгэгээ борлуулах гэж сурталчилах гэж үр дүнгүй оролдлого хийвэл та эхний ээлжинд маркетингийн үр ашиггүй зардалд зарцуулсан мөнгөө алдахаас гадна цаг хугацааны явцад өөрийн зах зээлийн байр суурь, хэрэглэгчээ алдсанаар өөрийн бизнесээ алдах аюул учирч болох юм. Тиймээс зөвлөх үйлчилгээ авна гэдэг нь бусдаас нэг алхам түрүүнд алхаж байна гэсэн үг юм.

-Бизнес эрхлэгчдээс ирдэг хамгийн түгээмэл  асуулт, бэрхшээл саад юу байна вэ?

Манай бизнес эрхлэгчид зөвлөх үйлчилгээ сонирхохдоо миний бизнесийг богино хугацаанд, бага зардалаар нэг мөсөн бүхлээр нь нэг их сайхан болгоод өгөх тийм зөвлөгөө байна уу? гэсэн асуулт их тавьдаг. Үнэндээ бол тийм боломж бараг байхгүй юм. Тухайн бизнест тохиолдож буй бүх л асуудлуудыг нэг далайлтаар шийдэхээс илүү зөв эрэмбэ дарааллаар нь шат дараалсан цогц арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болдог.

Аливаа бүхий л бизнесийн болоод бусад зөвлөгөөнд тодорхой шат дараалалтай, тодорхой зарцуулагдах ёстой цаг зав, хүч хөдөлмөр, мэдлэг, ур чадварыг зарцуулж байж хүссэн үр дүндээ хүрдэг. Тийм болохоор бизнесийн зөвлөх үйлчилгээнд тулгарч буй бэрхшээл бол бас л энэ асуулттай нь холбоотой.

Бизнес эрхлэгчид маань зөвлөх үйлчилгээ авахдаа зөвлөхийнхөө төлөвлөсөн цаг хугацаа, хүн хүч, мэдлэг мэдээллийн нөөцийг хүндэтгэж үзээгүйгээс, бага зардалаар их зүйл хийлгэж авах гэсэн хүслээс болж, зөвлөх үйлчилгээний чанар доголдох, эцэстээ бизнес эрхлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч хоёр хоёулаа сэтгэл ханамжгүй үлдэх магадлал их байдаг.

 -Зөвлөх үйлчилгээ үзүүлж байхад  бусдад сургамжтай, санаа авахуйц зүйлтэй тохиолдож байсан байх, сонирхуулбал?

 Зөвлөх үйлчилгээний нэг онцлог нь хүн хоорондын харилцаа давамгайлсан ажил учраас бизнесийн зөвлөхийн судалгаа, үнэлгээний үр дүн заримдаа бизнес эрхлэгчид нь таалагдахгүй байх тохиолдол байдаг.

Хүн чамайг хэтэрхий буруу бизнес хийж байсан байна гээд байхаар өөрийгөө арай ч тэгж бодоогүй явж байсан хүн чинь бас эмзэглэнэ. Нэг үгээр хэлбэл таныг бараг тэнэг байсан байна гэж хэлэхээр эвгүй санагдана. Тэгээд нөгөө гаргаж өгсөн зөвлөгөө зөвлөмжүүдийг нь хэрэгжүүлэхдээ хайхрамжгүй хандах улмаар хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулсан төслийн үр ашиг муудах явдал гарчих гээд байдаг. Тиймээс зөвлөх үйлчилгээ авч буй компани, бизнес эрхлэгчид маань таны бизнесийн талаарх чухам үнэнийг маш сайн хэлж байх тусам тэр зөвлөхөд баярлаж, тэр зөвлөгөө зөвлөмж бүрийг нь хэрэгжүүлэхийг хичээдэг байх хэрэгтэй гэж хэлмээр байна.

“Үнэн үг гашуун ч явдалд тустай. Эм гашуун ч өвчинд тустайв” гэж манай ард түмний зүйр цэцэн үг байдаг.

Зөвлөх үйлчилгээ авч буй бизнес эрхлэгч хүн бизнес зөвлөх чинь таны бизнесийн талаар муу муухай алдаа дутагдалтай зүйлс их л ярьж байвал сайн ажиллаж байна гэж бодох хэрэгтэй, харин эсрэгээрээ таны амыг дагаад, таныг магтаад байвал тэр бизнес зөвлөх таньд хэрэгтэй эсэх талаар бодож үзэх хэрэгтэй.

-Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хүний хувьд бизнес эрхлэгчдэд хандан таны хэлэх үг?

Өнөөдөр даяарчлал биднийг хүссэн хүсээгүй даяар эдийн засгийн сүлжээнд нэгтгэж байна. Дэлхийн хэмжээний компаниуд аль хэдийн орж ирээд Монголын зах зээлд өрсөлдөж байна. Тэдгээр компаниуд бүгд олон жилийн үйл ажиллагааны туршлагатай төдийгүй бизнесийн зөвлөх үйлчилгээний үнэ цэнийг мэдэж, ашиглаж сурсан байдаг.

Энэ нөхцөлд Монголчууд бид дэлхийн хэмжээнд өрсөлдөхийн тулд бизнес эрхлэгчид маань бүгд маш богино хугацаанд дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц ажиллаж эхлэх шаардлагатай. Тиймээс бүгдээрээ хамтдаа өсөж хөгжиж дэлхийн хэмжээнд өрсөлдөе л гэж хэлэх байна даа.