КОРОНА ВИРУСИЙН ХӨЛ ХОРИОНЫ ҮЕИЙН БИЗНЕСҮҮДЭД ӨГӨХ “ЗАРДЛЫН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨМЖ”
2021-06-16

Хөгжлийн Шийдэл ТББ-ын ОНХД төвийн менежер, Мэргэшсэн бизнес зөвлөх П.Амармэндийн “SOS Business Clinic-ANTI COVID 19” хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлээс хэсэгчлэн та бүхэнд толилуулж байна.

1. Бууруулах

 Гэрээс ажиллахтай холбоотой зарим зардлууд хэмнэгдэх боломжтой, тэднийг бууруул. Хөл хорионы үеэр түрээсэлдэг оффисын талбайгаа багасгах. Ажлын цагийг бууруулах, ажилтнуудтай холбоотой гардаг зардлуудыг бууруулах. Ажилтнууд чинь суларсан цагаараа өөр нэмэлт орлого олох, нуугдмал ур чадвараа ашиглаж болох юм. Ялангуяа том дүнтэй зардлуудыг яаж бууруулах талаар бодож үзээрэй

2. Шилжүүлэх

 Компанийн одоогийн зардлуудыг үнэлж үз, бусдад шилжүүлэх боломжтой зардлуудыг олж илрүүл, шилжүүл.

3. Цуцлах

 Зарим нэг зардлуудыг бүрэн байхгүй болгох боломжтой байдаг. Яг одоо бол яагаад энэ зардлын төлөх ёстой юм бэ? Түүнийхээ төлөө ямар үнэ цэнийг компани авч байгаа юм бэ? Гэж асуух цаг үе. Танай компани чинь яг одоо төлж байгаа, гаргаж байгаа тэр бүх зардлуудыг яг бүгдийг нь төлөх ёстой юу? Заримыг түр зогсоох, заримыг нь бүрмөсөн цуцлах боломжтой зардлуудыг олж илрүүл.

4. Хамгаалах

Зарим зардлууд бизнесийг дампууруулахгүйн тулд төлөвлөсөн түвшинд нь барихаас аргагүй шинж чанартай байдаг. Танай компанийн хувьд гар хүрч болохгүй чухал зардлууд юу вэ? Гэхдээ бүх зардлыг энэ ангилалд оруулах ашиг сонирхол байж болзошгүйг анхаар. Хатуу цаг үе удирдагчдаас хуучин харилцаагаа хадгалахын зэрэгцээ үр дүнд хүрэхийн тулд бүтээлч байхыг шаарддаг.

5. Өсгөх

Өсгө, өсгөх зардал байна гэж үү? Урт хугацаанд зардал бууруулах, орлого өсгөхийн тулд өсгөх ёстой зардлууд гэж байдаг. Зайнаас ажиллах хэрэгсэл, төхөөрөмж, хангамжийн зардлыг өсгөх нь хөл хорионы үед ажил явуулах арга төдийгүй орон зайн бэрхшээлтэй зах зээл, боломжуудыг олж авахад туслах болно. Ямар зардлыг өсгөх нь танай стратегийн зорилтот нийцэх вэ?