Ёс суртахуунтай бизнес эрхлэгч байх 12 дүрэм
2021-06-16

Зарим хүмүүс бизнесийг ямар ч аргаар хамаагүй мөнгө олох ажиллагаа мэтээр ойлгох нь бий. Гэвч бизнес бол өөрийн гэсэн ёс суртахуунлаг байх ёстой талбар юм. Аливаа хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаагаар ашиг олох нь үргэлж том эрсдэлийг дагуулж байдаг. Иймд бизнес эрхлэгч буй болон эрхлэх гэж байгаа хүмүүсдээ зориулан бизнес эрхлэгч хүнд байх ёстой ёс суртахууны 12 дүрмийг хуваалцаж байна.

1.Хүнлэг байх. Ёс суртахуунлаг бизнес эрхлэгч байна гэдэг бол бизнесийн хамгийн үнэ цэнэтэй хэрэг юм. Бизнес эрхлэгч хүн өөрөө хүнийг удирдан чиглүүлэх ажлыг мөн давхар хийдэг учраас эрх чөлөө, эрх ашиг гэсэн ойлголтыг умартаж болохгүй. Ямар нэгэн үл хүндэтгэсэн асуудал, ялгаварлан харьцах, тэгш бус хуваарилалт хийх, бусдын эрхийг боогдуулж болохгүй.

 

2. Шударга шулуун байх. Ёс суртахуунлаг бизнес эрхлэгч бусдад үнэлэгдсэн үлгэр жишээ, шударга ажил хэрэг явуулдаг, шударга шаардлага мөн тавьдаг, зөв зүйлийг хийж, дэмжиж түүнийгээ бусдад уриалдаг, зарчимч байж хууль бус зүйлийн төлөө тэмцэж чаддаг удирдагч байх ёстой.

3. Амлалтандаа хүрдэг байх. Ёс суртахуунлаг бизнес эрхлэгч нь өөрийн хийсэн ажлаар үнэлэгдэн, хариуцсан ажил, бусдад өгсөн амлалтандаа хүрдэг байх ёстой. Учир нь бизнесийн бүхий л үйл ажиллагаа гэрээ хэлэлцээрийн дагуу явагдаж, бизнес эрхлэгч ажил үүргээ цаг хугацаанд нь хариуцлагатай биелүүлдэг байх ёстой.

4. Итгэл даасан байх. Бизнес эрхлэгч нь байгууллага, ажилчдын итгэлийн хүлээсэн хүмүүс байх учиртай. Иймд бусдын итгэлийг хөсөрдүүлсэн аливаа сөрөг үйлдэл гаргахгүй байх. Тийм үйл ажиллагаанд оролцохгүй байх.

5. Ёс жудагтай. Бизнес эрхлэгч бизнесийн хүрээнд олон хүмүүстэй харилцаж бизнесийн үйл ажиллагаа явуулдаг учир зөв харилцааг бий болгож шударга нээлтэй байхаар харилцаа үүсгэх хэрэгтэй. Өөрийн эрх мэдэл, нэр хүндээр илүүрхэж хүмүүстэй харилцах нь тохиромжгүй. Бусдын алдаа дутагдал, хэл соёл, шашин шүтлэг, амьдарлын хэв маяг зэрэг бүх онцлогыг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй.

6. Бусдыг халамжлан бодолцдог байх. Ёс суртахуунлаг бизнес эрхлэгч энэргүй шударга гэсэн ёс суртахууны хэм хэмжээг дагадаг байх ёстой. Бизнес, санхүү, хувь хүний зан чанар талаас нь ажилчдыг идэвжүүлэлт хийн хөгжүүлдэг, тэдэнд санаа тавьдаг, нийгмийн тулгамдсан асуудлуудад өөрийн зүгээс боломжит хувь нэмэр оруулдаг байх хэрэгтэй.

7. Бусдыг хүндэлдэг. Бусдын нэр хүнд, цол, сонирхол, эрхийг нь хүндэтгэдэг байх хэрэгтэй.

8. Хуулийг дээдэлдэг байх. Ёс суртахуунлаг бизнес эрхлэгч нь хууль дүрэм болон бизнесийн үйл ажиллагааны нарийн зохицуулалт зэрэг бизнесийн хүрээг хамарсан бүх хууль тогтоожийг мөрдөн ажилладаг байх нь хамгийн гол хэрэгжүүлэх ёстой ажил юм.

9. Үүргийн сайн биелэлт. Үүргээ сайн мэддэг хүн л үүргээ биелүүлж чаддаг. Бизнес удирдаж буй хүн бизнесийн хүрээнд ирэх бүх хариуцлага үүргийг ухамсарлаж биелүүлдэг байх хэрэгтэй.

10. Манлайлагч байх. Бизнес эрхлэгч хүнөөрийн бизнесдээ манлайлагч нь байж ёс суртахуунлаг байх талаас мөн үлгэр жишээ байж ёс зүйг баримтлан зөв шийдвэр гаргаж байх хэрэгтэй.

11. Нэр хүнд ба ёс суртахуун. Ёс суртахуунлаг бизнес эрхлэгч хүн байгууллагын нэр хүндийг сайн аргаар бий болгодог.

12. Зөв тооцоололтой байх. Ёс суртахуунлаг байдлаар шийдвэр гарган, гарах үр дагаварыг тооцон нарийн хардаг алсын хараатай байх хэрэгтэй.